Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

2019-07-10 10:50:55

2019 оны 07 сарын 10-ны өдөр                             Дугаар А/706                                                   Улаанбаатар хот

 

 

 

Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион

байгуулах ажлын хэсэг томилох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 100 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.”Ахмадын хотхон-1" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2. Татан буулгах, нэгтгэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг /Ш.Үнэнбат/-т даалгах нь:

 

     2.1.”Ахмадын хотхон-1" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг “Нийслэлийн Орон сууцны корпораци” хаалттай хувьцаат компанид шилжүүлэх;

 

   2.2.Татан буулгаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбогдох өр авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, байгууллагын хаалтын балансыг 2019 оны эхний хагас жилээр гаргах;

 

     3.Татан буугдаж байгаа газрын ажилтан албан хаагчтай хийх тооцоог холбогдох хууль журмын дагуу хийж дуусгах, эд хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т, шилжин ирж буй ажилчин албан хаагчдыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангаж, бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлуулах, эд хөрөнгө хүлээн авч, данс бүртгэлдээ тусгах, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Нийслэлийн Орон сууцны корпораци” хаалттай хувьцаат компани /Б.Сүхбаатар/-д тус тус даалгасугай.

 

   4.Татан буугдаж байгаа газрын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” хаалттай хувьцаат компани /Б.Сүхбаатар/-д даалгасугай.

 

   5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

                                     

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   С.АМАРСАЙХАН