Сургууль, цэцэрлэг барих газрын талаар авах арга хэмжээний тухай

2019-07-08 15:40:18

2019 оны 07 сарын 08-ны өдөр                            Дугаар А/689                                                   Улаанбаатар хот

 

Сургууль, цэцэрлэг барих газрын

талаар авах арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

     1.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     2.Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөн батлагдах сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

     3.Холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нарт тус тус даалгасугай.  

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              С.АМАРСАЙХАН