Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-06-05 08:30:13

2019 оны 06 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/562                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 м² газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

     2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Номин холдинг” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

    3.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2194 м² газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Хан-Уул  дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д тус тус үүрэг болгосугай.

 

     4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжийн хавсралтын “Номин холдинг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН