Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай

2019-01-25 09:00:47

2019 оны 1 сарын 25-ны өдөр                                    Дугаар А/54                                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сар шинийн баярыг тохиолдуулан

авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-гийн “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2010 оны 138 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар, 4/14 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Дараахь арга хэмжээ авч ажиллахыг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

       1.1.Сар шинийн баярыг угтан төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, зах, худалдааны төвүүдийн автомашины зогсоолд замын хөдөлгөөнийг зохицуулах ажилтан ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

 

        1.2.Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд, тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашиныг 2019 оны  01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 01 дүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд “Дэнжийн 1000”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлдэг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т тус тус:

 

      1.3.Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, ариутгах татуургын автомашин, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн    1.2-т заасан хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтыг зохион байгуулахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/ “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т тус тус;

 

        1.4.Замын хөдөлгөөний зохицуулалтад шаардлагатай тэмдэг, хаалт, хайс хашлага, байрлуулах ажлыг зохион байгуулахыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ /Ж.Чинзориг/-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Д.Индра/-т тус тус;

 

     1.5.Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төвийн чиглэлд их багтаамжийн автобусаар буухиа үйлчилгээг явуулж, “Дэнжийн 1000”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний замналд зохицуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т;

 

        1.6.Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

 

         2.Дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын болон сар шинийн баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах замын цагдаагийн алба хаагчдын хоолны зардалд шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан 12,800,000 /арван хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

         3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                        АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН