Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг зохион байгуулан явуулах тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                          дугаар А/431                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “д” заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг удирдан зохион байгуулах Нийслэлийн Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны      40 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2013 оны 07 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Тооллогын комисс /Н.Батаа/-т даалгасугай. 
 
3. Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг тухайн мэргэжлийн байгууллага, дүүрэг тус бүрд зохион байгуулж явуулах салбар комиссыг байгуулж, журмын дагуу үзлэг, тооллогын ажлыг хийж гүйцэтгэн дүнг 2013 оны 06 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг тухайн байгууллагын захирал, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
4. Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн үзлэг, тооллогын ажлын сургалтыг   2013 оны  05 дугаар  сарын 05-ны дотор зохион байгуулах, тооллогын ажилд хяналт тавих, дүн мэдээг шалгаж хүлээн авах,  нэгдсэн дүн мэдээг үндэслэн нийтийн зориулалттай өмчийн талаархи судалгаа, дүгнэлт гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т даалгасугай. 
 
5. Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулахад шаардлагатай зардлыг батлагдсан төсвийн дагуу хянаж санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
6. Захирамжийн биелэлтийг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                   
                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                          
                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ