Газар чөлөөлж, нөхөн олговор олгох тухай

2013-04-08 00:00:00
2013 оны 04 сарын 09 өдөр                                         дугаар А/374                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот суурин газрын ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6,  Газрын тухай хуулийн 18.1.3, 42 дугаар зүйл заалт, Монгол улсын иргэнд газар өмчүүлэх тухай хуулийн 32.1.3 дахь заалт, Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам“, Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хооронд 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ”Буцалтгүй тусламжийн хэлэлцээр”-ийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө болон Япон Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэрийн төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээх үүргийн дагуу цэвэр усны гол дамжуулах шугам сүлжээний трассын дагуух хамгаалалтын бүсийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Төмөрбаатар /-т үүрэг болгосугай.
 
2. Газар чөлөөлөхөд холбогдон гарах нөхөн төлбөр, шугам сүлжээ зайлуулахад шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын Газар чөлөөлөх нөхөн олговрын батлагдсан зардлаас гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ