Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2013-04-04 00:00:00
2013 оны 04 сарын 04 өдөр                                        дугаар А/359                                                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а” дахь заалт, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.14 дэх заалт, Ойн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.20 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт шалгалтын ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
           
2. Ойн тухай хуулийн хэрэгжилт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийн талаарх телевизийн сэрэмжлүүлэг бэлтгэж иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгасугай.
           
3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 26496700 /Хорин зургаан сая дөрвөн зуун ерөн зургаан мянга долоон зуун / төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.                        
 
4. Нийслэлийн ногоон бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.                    
                                      
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ