Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

2013-04-01 00:00:00
2013 оны 04 сарын 01 өдөр                                               дугаар А/340                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/325 дугаар захирамжаар батлагдсан Баянгол дүүргийн 11, 12, 13, 17, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог нэгдүгээр, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 9, 10, 11 дүгээр хорооны цогцолбор барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар, Баянзүрх дүүргийн 16, Налайх дүүргийн 3, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 8, 10 дугаар хорооны цогцолбор барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог гуравдугаар хавсралтаар тус тус хавсралтаар  баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
   
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                          Н.БАТАА