Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай

2013-03-28 00:00:00
2013 оны 03 сарын 28 өдөр                                      дугаар А/335                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Монголын Мянганы сорилтын сангийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг зохион байгуулсугай.
 
2. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд одоо амьдарч буй хашааныхаа газрыг эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байгаа иргэдийн газрын тооллого бүртгэлийн ажлыг шуурхай зохион байгуулж, шийдвэрлэхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
           
3. Газрын бүртгэлийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах зорилгоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас өгсөн чиглэлийн дагуу суурьшлын бүсийн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүйгээр “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-ийг олгох ажлыг зохион байгуулсугай.
           
4. Дээрх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталж, Дүүргүүдэд салбар ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.
           
5. Иргэдээс бүрдүүлэн авсан газар өмчлөх хүсэлт, түүний шийдвэрлэлтийн мэдээг нэрсийн жагсаалтаар гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийг хүлээн авах төвд бүртгүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т, зохион байгуулсан ажлын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /С.Очирбат/-т үүрэг болгосугай.
                                   
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                Н.БАТАА