Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-07-16 08:20:10

2017 оны 07 сарын 16-ны өдөр                                     Дугаар А/537                                       Улаанбаатар хот

 

 

 

Ой, хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.16, Улсын Онцгой комиссын 2017 оны 2 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Цаг агаарын хэт халалтын улмаас нийслэлийн ногоон бүс орчим хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрч ой, хээрийн түймэр гарах эрсдэл үүссэнтэй холбогдуулан ногоон бүсэд байгалийн дагалт нөөц, баялгийг ашиглах, амралт, аялал, зугаалга болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс түр хориглосугай.

 

          2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага албан тушаалтнуудад даалгасугай:

          

         2.1.нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн, ногоон бүсэд явганаар болон тээврийн хэрэгслээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/-т, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа амралт, аялал жуулчлалын газруудтай хамтран иргэдийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байх, анхааруулга сэрэмжлүүлгийг тогтмол өгч, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/, Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т тус тус;

 

        2.2.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ногоон бүсэд түймрийн зурвас сэргээх, шинээр гаргах, авто тээврийн хэрэгсэл нэвтэрч болох газруудад зурвас шуудуу гарган, автомашины саад, сэрэмжлүүлэх самбаруудыг нэмэлтээр байрлуулан, байгаль хамгаалагч, морин эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т;

 

       2.3.түймрийн голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагч болон иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, ой, хээрийн түймрийн улмаас үүссэн утаажилтаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т;

    

        2.4.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд байрлах хороод, аж ахуйн нэгж байгууллагыг томилгоожуулж, эргүүл жижүүрийг тогтмол ажиллуулан, ой, хээрийн түймрийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийг тодотгох, шаардагдах шатахуун тос, тослох материал, хоол хүнс, түймэр унтраах багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тухай бүр мэдээллээр хангаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт;

 

       2.5.ой хээрийн түймэр унтраах хүн, хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, түймэр гарсан тохиолдолд шуурхай унтраах, холбогдох мэргэжлийн албадыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т, түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тогтмол сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус.

 

        3.Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 53,857,000 /тавин гурван сая найман зуун тавин долоон мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

         4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД