Сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2017-07-03 08:00:32

2017 оны 7 сарын 03-ны өдөр                                           Дугаар  А/500                                     Улаанбаатар хот

 

 

 

Сонгуулийн дахин санал хураалттай

холбогдуулан авах зарим арга

хэмжээний тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

          1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

         1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 09-ний өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, соёл, урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/-т, нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

 

        1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

 

        1.3.сонгуулийн дахин санал авах өдөр сонгуулийн тойрог болон сонгуулийн байгууллагууд /санал авах байр/-ын гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат/-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Ж.Чинзориг/-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус;

 

         1.4.сонгуулийн дахин санал авах өдөрт сонгуулийн тойрог болон санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /Д.Баярсайхан/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК /П.Маргад-Эрдэнэ/, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, галын аюулгүй байдалд үзлэг хийж, дүгнэлт гаргахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Н. Уламбаяр/-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус.

 

        2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД