Дулаан, цахилгааны хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах тухай

2012-12-11 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2012-2013 оны өвөл Нийслэл орчим олон жилийн дунджаас хүйтэрч, цас их унах төлөвтөй  байгаа тул 2012 оны          12 дугаар сарын 07-ны өдрөөс  2013 оны  03 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл бэлэн байдал тогтоож ажиллахыг дулаан, цахилгаан, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй өмчийн бүх хэлбэрийн инженерийн хангамжийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

2. Өвлийн их ачааллын үед хүн хүч, сэлбэг,  тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг бүрдүүлж, байнгын бэлэн байдалд байх зохион байгуулалтын арга хэмжээ авах, болзошгүй аваарь, зогсолт саатлын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулж мөрдөхийг Нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК /Ж.Равдандорж/, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК /Р.Хайдав/, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК /С.Төмөрхүү/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /З.Занданпүрэв/-т тус тус үүрэг болгосугай.

3. Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тасралтгүй эрчим хүчээр хангаж ажиллах техник, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК /С.Төмөрхүү/-д үүрэг болгосугай.

4. Халаалтын нэг, хоёрдугаар хэлхээний горимыг байнга мөрдөж ажиллахыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК /Р.Хайдав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/-т  тус тус даалгасугай.

5. Нийслэлийн нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрсдийн  ажиллаж амьдарч буй барилга байгууламжийнхаа орц, цонх хаалга болон гадна шугам сүлжээ, дулаан хангамжийн тоноглолыг зохих норм стандартын дагуу дулаалах эрчим хүчний оргил ачааллын үе болох оройн 18 цагаас 21 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлаж, зохистой хэрэглээг бүрдүүлэх зэргээр цахилгаан, дулааны эрчим хүчний хэмнэлтийг бүрдүүлэхэд чиглэгдсэн Нийслэлийн Засаг даргын уриалгыг гаргаж, олон нийтэд сурталчлан таниулж, мэдээлэхийг Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-нд үүрэг болгосугай.  

6. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж, хөрөнгө оруулалт шаардлагатай ажлыг Эрчим хүчний сайд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэхийг  Захирагчийн алба /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ