Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах тухай

2012-11-22 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69, 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 100,0 /нэг зуун/ сая төгрөгийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

   2.Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдаваад даалгасугай.

   3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---